Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 3-р сарын 07, Лхагва гариг, 06:38

Кансай бүс нутагт оршин суугаа монгол ахан дүүс, япон андуудын амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол Япон хоёр орны харилцаа бүх шатанд өргөжин тэлж, улмаар монгол япон хүмүүс нөхөрлөн түншлэхийн үр цэцэглэн соёлох сайн цагт бид оршиж байна. Япон орон, япон соёл, япон технологи, япон хөгжил дэвшлийг судлах хүсэл өвөртлөн ирсэн манай олон зуун иргэд Кансай бүс нутагт аж төрж байгаа билээ. Эх орны Тань төлөөлөл болох Монголын Ерөнхий Консулын Газар Осака хотноо үүд хаалга нээснээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ.

Тус Ерөнхий Консулын Газар нь монгол иргэддээ Монгол улсын хууль тогтоомж,  Монгол төрийн бодлоготой холбоотой мэдээ мэдээллүүдийг хүргэх, нутаг орноосоо алс хол амьдарч буй иргэддээ хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, тодруулбал консулын болон нотариатын үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд зохицуулахад хүчин чармайлт гаргаж иржээ. Эдгээр үүрэг хариуцлага нь цаашид ч Ерөнхий Консулын Газрын эрхэм зорилго байх болно.

Монгол Японы харилцааг хөгжүүлэх сайн сайхан үйлс бүхнийг хамтдаа бичих түүхийн хуудас бидний өмнө дэлгээстэй байна. Түүхийн шинэхэн хуудсанд Та бидний хичээл зүтгэл бүхэн тод томруунаар товойн үлдэж, хуудас бүхэнд үнэ цэнэтэй үйл явдлууд тэмдэглэгдэн мөнхрөхийн ерөөл өргөмү.

Та бүхэнд сайн сайхныг хүсье.

Гүнээ хүндэтгэсэн,
Монгол Улсаас Японы Осака хотод суугаа
Ерөнхий консул Ч.КУЛАНДА

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 00:22
 
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Кансай бүсэд айлчиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 6-р сарын 03, Мягмар гариг, 03:07

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лазатхан тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Такацүки, Токушима мужийн Анан хотод таван өдрийн ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид нь Такацүки хотын дарга Х.Такеши, ИТХ-ын дэд дарга Х.Норико нартай уулзаж, Такацүки болон Баян-Өлгий аймаг хооронд ХАА, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хотын удирдлагуудыг Баян-Өлгий аймагт айлчлахыг албан ёсоор урив.


 

Такацүки хотын захиргаанаас манай төлөөлөгчдөд өөрийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, сонгуулийн тогтолцоо болон цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахад тавигдах стандарт, шаардлагын талаар семинар хийв. Мөн хотын захиргаанд ашиглаж буй нарны зайн системийн тухай товч танилцуулга хийлээ.

Такацүки хотын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад дээд зэргээр анхаардаг. Ялангуяа байгууллага, иргэдэд нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргах төхөөрөмжийг суурилуулах, үүнд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар эрчим хүчний тодорхой хэсгийг өөрсдөө хангах бодлого баримталж байна. Одоогийн байдлаар нийт 19 байгууллагад нарны эрчим хүч ашиглан цахилгаан гаргах үүсгүүрийг суурилуулаад байгаа ажээ.


Япон Улс нь нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настны тусгай асрамжийн төв болох “Такацүки Кэяакино Сато”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцан туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг Токушима мужид хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан тус мужийн нийслэл болох Токушима хотын дарга Х.Хара тусгайлан хүлээн авч оройн зоог барихын дашрамд хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид Токушима мужийн Анан хотын дарга Ё.Ивасэтэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хооронд “Эгч дүүс хот”-ын харилцаа тогтоох боломжийн талаар санал солилцов. Үүний дараа хог хаягдал дахин боловсруулах “Экопарк Анан”, “LED” гэрлэн чимэглэлийн үйлдвэрлэл болон орчин үеийн технологиор дэлхийд тэргүүлдэг “Nichia” компани, Япондоо хамгийн том хүчин чадал бүхий “J-Power-Tachibanawan” дулааны цахилгаан станцад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Анан хотын зүгээс байгалийн нөөц, баялагийг үр ашигтайгаар зарцуулах үүднээс хог хаягдлын хэмжээг бууруулах, хогийг дахин боловсруулах ажлыг сайжруулах бодлогыг баримталж ирсэн. Үүний хүрээнд 2010 оноос эхлэн 9,3 тэрбум иений хөрөнгөөр хог боловсруулах “Экопарк Анан”-ыг шинээр байгуулан ажиллаж байна.


Мөн тус хот нь Японы үндэсний спортын нэг төрөл болох Бейсболлын спортыг хөгжүүлсэн жишиг хотын нэг болохоор зорьж ирсэн. 2007 онд бейсболлын “JA Aguri Anan” стадионыг ашиглалтанд оруулсан бөгөөд “Бейсболлын хот Ананыг хөгжүүлэх тусгай нэгж”-ийг хотын захиргаандаа байгуулсан Японы цорын ганц хот юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 03, Мягмар гариг, 03:20
 
Японы Монгол судлаачид Фүжи уулын дэргэд цугларав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 5-р сарын 27, Мягмар гариг, 06:38

Японы Монгол судлалын нийгэмлэг нь Японы монголч эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдэг, тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэгээс жилд хоёр удаа хавар ба намрын монгол судлалын хурлыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ удаагийн хаврын хурал нь Шизүока мужийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн алдарт Фүжи уулын бэлд орших Шизүока Их сургуульд болж өнгөрлөө. Шизүока Их сургуульд угсаатан зүй судлаач профессор Цогт олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.

Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь холбооны нарийн бичгийн дарга Ш.Шиотани 2013 оны санхүүгийн тайланг тавьж танилцуулсан болно.


Энэ удаагийн хаврын хуралд Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй 100 гаруй залуу судлаач оролцож, үндсэн таван сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Японы Монгол судлалын нийгэмлэг нь гадаадын монгол судлаач эрдэмтдийг эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинарт оролцуулахыг дэмжин туслах, танилцуулах чиглэл зорилготой аж. Энэ удаагийн хаврын хуралд Тайваний нэрт яруу найрагч, монгол үндэстэн Ши Мөрөн урилгаар оролцон, “Гурван сүлдийн тахилга” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа тэрээр Монголын тал нутгийг бахдан дуулсан шүлгээ сонирхуулсан нь хуралд оролцогчдын сэтгэлийг хөглөсөн явдал боллоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 27, Мягмар гариг, 06:43
 
Вакаяама мужид ажиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 03:56

Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда Вакаяама мужийн захирагч Ё.Нисака болон Вакаяама хотын дарга К.Оохаши нартай танилцах уулзалт хийлээ. Ч.Куланда Осака хотноо Ерөнхий Консулаар томилогдсноос хойш энэ бүс нутагт анх удаа ажиллаа. Уулзалтын үеэр 2012 онд Осака хотод Монгол Улсын ЕКГ-ыг шинээр байгуулагдсан, ЕКГ-ыг байгуулах болсон шалтгаан, үйл ажиллагааны үндсэн зорилгын талаар онцлов. Баруун Японы тус бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед Вакаяама муж болон тус мужийн хотуудтай ХАА, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.


Мужийн захирагч болон хотын дарга Ерөнхий консулын саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд худалдаа, эдийн засгийн харилцааг бий болгох, нэн ялангуяа тус мужийн аялал, жуулчлалын салбар дахь арвин туршлагаас хуваалцахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хүүхэд залуусын солилцоог өргөжүүлэхийг хотын даргын зүгээс санал болголоо.

Дашрамд дурдахад Вакаяама муж нь Японы бусад түүх, дурсгалт газруудын адил Шинто болоод Буддын шашны сүм хийд олонтой юм. Үүний дотроос алдарт хувилгаан Кукай-гийн 9 дүгээр зуунд Кояа ариун ууланд байгуулсан 117 сүм хийд болон Куманогийн гол 3 сүм тус мужид байрладаг ажээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 04:02
 
ХУД-ын төлөөлөгчид Сакай хотод айлчиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:32

Улаанбаатар хотын ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Сакай хотод дөрвөн өдрийн ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Сакай хотын дарга О.Такеяма, ИТХ-ын дарга Т.Хирата нартай уулзаж, Сакай хот болон ХУД хооронд байгаль орчин, хот байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, Сакай хотын удирдлагуудыг Монголд айлчлахыг албан ёсоор урив.

 

Манай төлөөлөгчдөд Сакай хотын захиргаанаас иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого үйлчилгээ болон сонгуулийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны талаар бичил семинар хийлээ. ХУД-ийн төлөөлөгчид хог хаягдал дахин боловсруулах Ринкай үйлдвэр, бохир ус цэвэршүүлэх Санбо байгууламж, Кансайн эрчим хүчний Сакай дахь станцад зочилж, хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээтэй танилцав.



Хог дахин боловсруулах, эрчим хүчний Ринкай үйлдвэр нь жилдээ 140000 тонн хог хаягдлыг жижиглэх, хатаах, шатаах, хайлуулах гэсэн 4 үндсэн дамжлагаар боловсруулж хайлш металл болон цементийн хольц бүхий шаариг болгон боловсруулах, улмаар эрчим хүч үйлдвэрлэн, эрчим хүчний компаниудад борлуулдаг байна.

 

Япон Улс нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хүүхэд, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настан болон хүүхдийн асрамжийн Бэрүтаүн төвд зочиллоо. ХУД-ийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар Сакай хотын дарга О.Такеяаматай уулзах үеэр нийгмийн халамж үйлчилгээний чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэлт болгосон болно.


Сакай хот Шинэ Зеландын Вэллингтон, АНУ-ын Калифорни мужийн Беркли, БНХАУ-ын Зянсү мужийн Линюанганг хоттой эгч дүүс хотын харилцаатай. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Сакай хотод оршин суудаг 15-30 насны хүүхэд залуучуудыг гадаад орноор аялуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэ төсөл нь жил бүр өөр өөр улс орнуудыг сонгодог онцлогтой. Ирэх 2015 онд тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул аялалыг зохион байгуулахад ХУД-ээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:47
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 15-с 1

Холбоос