Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн ялалтын товчоон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 29, Баасан гариг, 08:48

5 дугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардууллаа. Хэйсэйн он тоолол буюу 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртэж буй анхны залуу бөх юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь озэки цол гардан авсны дараа хэвлэл мэдээллийхэнд “Сэтгэл зүй, бие махбодь, ур чадвараа улам сайжруулана”, “Аварга болохын төлөө бүхий л хүч, чадлаа дайчлан барилдана” зэрэг зайлшгүй хэлэх ёстой үгийг сүүлийн гурван хоног өдөр шөнөгүй цээжилж, давтлаа хэмээн инээмсэглэн ярьж байв. Мөн сумо бөхийн оргил болох ёкозуна цолын талаарх асуултанд “Ёкозунаг бурхан сонгодог. Бурханд сонгогдохын тулд би бүх чадлаа зориулан, хичээн барилдах болно” хэмээн хариулжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь сумо бөхийн дэвжээнд хөл тавьснаас хойш 25 башёд барилджээ. Эдгээрээс сүүлийн хоёр удаагийн барилдаанд онцгой амжилтаар тэргүүлж озэки цол хүртэв. Хоёр башё дараалан амжилттай барилдсан түүний энэхүү амжилт нь 1951 оны 5 дугаар сарын башёд озэки цол хүртсэн Ёшибаяама-гаас хойш 64 жилийн дараа давтагдаж байгааг онцлох хэрэгтэй аж. Котошюү 19 башё барилдаж озэки цол хүртэж байсан бол түүний дараа Асашёрү 22 удаа, гурав дахь нь Тэрүнофүжи 25 башё барилдаж озэки болсон дараалалд бичигдэж байна.

1

Котошюү

19

2

Асашёрюү

22

3

Тэрүнофүжи

25

4

Акэбоно

26

5

Мусашимарү

27

6

Конишики

Таканохана

30

30

8

Хакүхо

31

Ирэх сарын башёд 3 Ёкозуна, 4 Озэки зодоглоно. Тэрүнофүжигийн тачиай буюу золгох /босож мөргөлдөх/ мэх нь ийм амжилтанд хүргэлээ гэх дүгнэлт ч байна. Озэки Кисэносато зэрэг бяртай бөхчүүдийн довтолгоог тэсч зогсоож чадвал ялалт үргэлжлэх бүрэн боломж бий. Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми “Тэрүнофүжи озэки цолыг хамгаалах биш ёкозуна цолд хүрэхийн төлөө гэсэн сэтгэл зүйгээр барилдахыг хүсч байна” хэмээн онцолжээ. Тэрүнофүжи нь харьцангуй туршлага багатай боловч Их аварга Хакүхотой сүүлийн хоёр башё дараалан үзүүр түрүүний төлөө өрсөлдөж, улмаар ёкозуна Хакухогийн 7 удаагийн дараалсан ялалтыг тасалдуулсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Одоогоор ёкозуна Хакүхог сөрөн зогсож, түүний ялалтын буухиаг зогсоож чадах магадлалтай нь Тэрүнофүжи хэмээн япончууд харж байна.


Овог нэр: Гантулга овогтой Ган-Эрдэнэ

Төрсөн огноо, газар: 1991.11.29, Улаанбаатар хот

Дууддаг нэр: Ганаа

Биеийн үзүүлэлт: Өндөр 191см, Жин 178 кг

Гэр бүл: Эцэг, эх, эгч дүүгийн хамт амьдардаг

Сайн эзэмшсэн мэх: Баруун золгооноос урагш дайрч түрэн гаргах

Япон нэрийн товчлол: Ёкозуна Тэрүкүни, Асахифүжи нарын нэрийн товчлол

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 29, Баасан гариг, 08:55
 
Бяцхан япончууд Ерөнхий Консулын газарт зочлов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 26, Мягмар гариг, 01:09

Хирошима хотын Оцүка дунд сургуулийн 2-р ангийн хүүхдүүд Ерөнхий Консулын газарт айлчлав. Тэдгээр хүүхдүүд Монгол орны талаарх мэдээлэл, мэдлэгээ өргөжүүлэх, гадаад харилцаанд өөрийн биеэр оролцохыг зорилго тавьжээ. Хирошима хотоос харгалзах хүнгүйгээр хот хоорондын автобусанд сууж, Монголын Ерөнхий Консулын газрыг зорьж ирсэн нь онцлог явдал байв.

Ерөнхий Консулын газрынхан Монгол орны талаар тусгайлан бэлдсэн слайд үзүүлж, Оцүка сургуулийн сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгөв. Сурагчид Монгол орны талаар чамгүй мэдээлэл цуглуулж, бүгдээрээ нэгэн дуугаар монгол хэлээр мэндчилэх зэргээр багагүй бэлтгэл хийсэн нь ажиглагдаж байв.

Монголын боловсролын тогтолцоо, хууль, хоол хүнс, соёлын талаарх тусгайлсан асуултыг урьдчилан ирүүлж, зохих хариугаа авцгаалаа. Япон сурагчид шагайн наадгайг ихэд сонирхож, шимтэн тоглож байв. Хоёр тал харилцан бяцхан бэлэг солилцов. Японы боловсролын байгууллага хүүхдийг багаас нь гадаад улс оронтой харьцах, гадаад харилцааг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 26, Мягмар гариг, 01:15
 
Бүх нийтийн санал хураалт болов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 03:31

Өнгөрсөн ням гаригт Осака хотын статусыг өөрчилж, таван тусгай дүүрэгтэй засаг захиргааны нэгж болгох асуудлаар тус хотын иргэдийн бүх нийтийн санал хураалт явагдлаа. Энэ сонгуульд Осака хотын 1,406,084 оршин суугч санал хураалтанд оролцож засаг захиргааны өөрчлөлтийг 694,844 иргэн дэмжиж,705,585 иргэн өнөөгийн засаг захиргааны бүтцийг хэвээр үлдээх санал өгчээ.


Осака хотын дарга “Ишинно кай” намын тэргүүн Т.Хашимото 2011 оноос Осака муж, хотыг нэгдсэн засаг захиргааны бүтэцтэй болгох, тус хотын 24 дүүргийг 5 тусгай засаг захиргаатай нэгжтэй болгох мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Гэвч Осака мужийн ИТХ-д сөрөг хүчин боловч давуу байр суурьтай Либерал Ардчилсан Нам, Комэй нам зэрэг улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадаагүйн улмаас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ахиц гаргаж чадалгүй өнөөг хүрсэн юм.

Иймээс иргэдийн бүх нийтийн санал хураалтыг явуулж, ард иргэдийн дэмжлэгийг авах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шийдвэрлэх түлхэц болно хэмээн үзсэн. Харамсалтай нь хотын дарга Т.Хашимото иргэдийн зүгээс олонхийн дэмжлэг авч чадалгүй ялагдал хүлээж, цаашид Осака хотын статус хэвээр үлдэх болов.

Санал хураалтын эцсийн дүнтэй холбогдуулан Осака хотын дарга, “Ишинно кай” намын тэргүүн Т.Хашимото бүх нийтийн санал асуулгын дүн гарсантай холбогдуулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр 2015 оны 12 дугаар сард болох хотын даргын сонгуульд дахин нэр дэвшихгүй, улс төрөөс бүрмөсөн гарах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Таатай амьдрах орчин, оршин суух нөхцөл, ирээдүйгээ өөрсдөө сонгож, ард нийт өөрөө шийдвэрлэх ардчиллын зарчим жинхэнэ утгаараа Осака хотод биеллээ оллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 03:41
 
Изүнокүни хотод айлчлав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 06:34

Монгол Улсаас Японы Осака хотноо суугаа Ерөнхий консулын газар хоёр орны “Стратегийн түншлэл” харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Нэг муж – Нэг хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ЕКГ-аас өнгөрсөн онд Улаанбаатар хотод нутаг дэвсгэр болоод хүн амынхаа тоогоор тэргүүлдэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг Шизүока мужийн Изүнокүни хоттой холбож, цаашид эгч дүү хотуудын найрсаг харилцааг тогтоох санаачлагыг Изүнокүни хотод дэвшүүлсэн юм.

Цөөнгүй удаа хоёр талын холбогдох ажилтнуудын харилцан айлчлал, туршлага судлах, мэдээлэл солилцсоны үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан албаны төлөөлөгчид Изүнокүни хотод айлчлав. Айлчлалаар хамтран ажиллах чиглэл, үзэл баримтлалаа тодорхой болгож, ирэх 8 дугаар сард Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошиког Улаанбаатар хотноо айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тохиролцоонд хүрлээ.


Изүнокүни хотын талаас Сонгинохайрхан дүүрэгтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийн ноу-хауг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бол Сонгинохайрхан дүүргийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотыг дахин төлөвлөж байгаа, хотын захиргааны шинэ цогцолбор тус дүүрэгт шилжин ирэх болсон энэ үед Изүнокүни хоттой хамтран ажиллаж тэдний туршлага, технологиос суралцах нь Сонгинохайрхан дүүргийн хувьд өндөр ач холбогдолтой болохыг онцлов.


Шизүока мужийн Изүнокүни хот нь Японы үзэсгэлэнт Фүжи уулын хормойд оршдогоороо алдартай бөгөөд нийт 50,000 оршин суугчтай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар сайтар хөгжсөн хот юм. Дашрамд дурдахад тус хотын 1853 онд байгуулагдсан япондоо хамгийн эртний төмөр хайлуулах зуух гэгддэг “Нираяама Ханшяро” зуух нь дэлхийн соёлын өвд бүртгэгдэхээр болсныг дуулгахад таатай байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 06:41
 
Цагаан бүргэдийн цайз эргэж төрлөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 05:19

Хоёогийн мужийн гол бэлэг тэмдэг болох Химэжи цайзыг үзэж сонирхохоор жилд ойролцоогоор 9 сая гаруй гадаад, дотоодын жуулчид тус цайзыг зорьдог. Химэжигийн цайз нь 1993 онд Японы хамгийн анхны Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн байгууламж гэдгээрээ алдартай. Дэлхийн соёлын өв болсон Химэжи цайз нь 1609 онд 7 давхар байгууламжтай баригдсан бөгөөд 1910, 1934, 1956 онуудад их засварт орж байсан түүхтэй юм. Гэсэн хэдий ч 400 гаруй жилийн түүхтэй тус цайз нь дайн дажин, газар хөдлөлтөнд нэрвэгдэж, хур бороо, салхи шуурганд идэгдэн ихээхэн элэгдэн хуучирчээ. Дэлхийн 2 дугаар дайны үед хоёр ч удаа агаарын бөмбөгдөлтөнд өртөж байсан энэхүү цайзыг Японы ард түмэн нандигнан хайрласаар ирсэн.

Хоёго муж, Химэжи хотын холбогдох байгууллагууд орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологийн шийдэлд тулгуурлан Химэжи цайзыг сэргээн засварлах төлөвлөгөө боловсруулж, улмаар 2009 оноос “4 дэх удаагийн сэргээн засварын ажил”-ыг эхлүүлжээ. Олон зууны жилийн түүхтэй, дахин давтагдашгүй энэхүү дэлхийн соёлын өвийг анх баригдсан тэр л байдлаар нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготой байлаа. Энэ удаагийн засвараар цайзын гадна талын ханыг цасан цагаан өнгөөр шохойдож, дээврийн вааран хавтангуудыг бүгдийг нь сольсон бол цайзын суурь болон 1, 6 дугаар давхруудад газар хөдлөлтөөс хамгаалах нэмэлт багануудыг суурилуулсан байна.


Нийт 5 жилийн хугацаа зарцуулсан энэхүү их сэргээн засварлалт нь энэ оны 3 дугаар сард дуусгавар болж, 3 сарын 26-ны өдрөөс эхлэн олон нийтэд хаалгаа нээлээ. Сэргээн засварлалтын ажилд 2.4 сая ам долларын хөрөнгийг зарцуулжээ. Засварын ажил хийсэн 5 жилийн хугацаанд 15 мянган хүний хөлс, хүч хөдөлмөр орсон Химэжигийн цайз ийнхүү эргэн төрж япончуудын мэлмийг баясгаж байна. Алсаас цайран харагдах Химэжигийн цайзыг япончууд “Цагаан бүргэдийн цайз” хэмээн нэрлэдэг юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 02, Пүрэв гариг, 05:24
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 3

Холбоос