Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Кобэ хот байгалийн гамшгийг даван туулах үйлсийн төлөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 3-р сарын 12, Пүрэв гариг, 04:51

Хёого мужийн захиргаа, Кансай/Японы баруун бүс/ бүсийн ЖАЙКА байгууллагаас жил болгон зохион байгуулдаг “Гамшгаас урьдчилан сэргийлэх Төв Азийн улс орнуудын орон нутгийн хамтарсан сургалт” Кобе хотод болж байна. Энэ удаагийн сургалтанд Монгол, БНХАУ, БНСУ-ын орон нутгийн төлөөлөл болон Өмнөд Солонгост төвтэй Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутгийн засаг захиргаадын холбооны төлөөлөгчид оролцож байна. Сургалтанд оролцогчид нь байгалийн гамшигтай хэрхэн тэмцэх, учирч болзошгүй гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Япон Улсын туршлага, шинээр гарч буй технологи, явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аж.


1995 оны 2 дугаар сард Хёого мужийн төв Кобе хотод 7,2 магнитийн газар хөдлөлт болж, 6400 оршин суугч нь амь насаа алдаж, асар их хохирол амссан, байгалийн гамшгийн гашуун сургамж авсан газар нутаг юм. Кобэ хот нь газар хөдлөлтийн нуранги нь дундаас сэргээн босголтоо амжилттай хийж, гамшгийг даван туулах шинэ технологиудыг бүтээн байгуулалтандаа нэвтрүүлж чадсан ба асар богино хугацаанд бүрэн сэргэсэн дэлхийн цөөхөн хотуудын нэг. Тиймээс Хёого муж өөрийн туулсан зовлон бэрхшээлийг Азийн бүс нутгаас зайлуулах, дэлхийн хүн төрөлхтөнд туршлагаасаа хуваалцах, эх дэлхийг байгалийн гамшгаас сэргийлэх үйлст хувь нэмрээ оруулах үүднээс ийнхүү олон улсын хэмжээний арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулдаг болоод байна.

Монгол Улсаас Дорноговь, Өвөрхангай, Завхан, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Архангай, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын төлөөлөгчид уг сургалтанд ирж оролцож байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 12, Пүрэв гариг, 04:58
 
Монгол бөхчүүдээ хүлээн авч уулзав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 08:19

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар мэргэжлийн сумо бөхөд барилдаж буй монгол бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх, өөрийн иргэдээ хүлээн авч золгох арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд сумогийн ертөнцөд эр чадал, хурд хүчээ гайхуулж буй Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харамафүжи Д.Бямбадорж, Сэкиваке Тэранофүжи Г.Ган-Эрдэнэ, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирүю Б.Дашням нарын хүчит бөхчүүд хүрэлцэн ирлээ. Мөн Кансайн дипломат корпусын тэргүүн бөгөөд Голландын Ерөнхий консул Р.Волс, ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов болон АНУ, БНХАУ-ын ЕКГ-ын төлөөлөл хүндэт зочноор байлцав.


ЕКГ-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээнд тус ЕКГ-тай ажил хэргийн холбоотой байдаг японы байгууллага, иргэд болоод Осака хотод оршин суух манай иргэд өргөнөөр оролцдог. Энэ өдөр хуран цугларсан монголчууд маань үндэсний дээл хувцсаа өмсөж, сар шинийн баярын бууз, хуушуур, цагаалга, амтат будаагаа бэлдэж, золголтоо хийхийн сацуу уригдан ирсэн гадны зочид, төлөөлөгчдөд монгол ёс заншил, соёл урлагыг суртчилан таниулах, монгол бөхчүүдээрээ бахархах бахархлын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэхүү арга хэмжээний үеэр Кансай дахь “Монголын Ардын урлагийн холбоо”-ны тэргүүн М. Лхагвагэрэл морин хуур татаж, лимбэ хөөмийн эгшиг эгшиглүүлсэн бол Японы иргэн, дуучин Ито Майко өөрийн уран бүтээлийн дээжээс толилуулав.


Энэ үеэр манай сүмочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв. Сар шинийн баярын өмнө Хакүхо М.Даваажаргал японы мэргэжлийн сумод 33 удаа түрүүлэн дээд амжилтын эзэн болж, төр засгаас “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээр, Асасэкирюү Б.Дашням хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан билээ. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Осака башёд цол ахиж сэкиваке цолтойгоор барилдахаар болсон. ЕКГ-аас бүх монгол бөхчүүддээ Осакагийн башёд амжилттай барилдахыг хүсэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 08:26
 
Сар шинэдээ сайхан баярлаарай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 2-р сарын 18, Лхагва гариг, 03:53

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 18, Лхагва гариг, 03:59
 
Кочи мужид ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 05:02

Ерөнхий консул Ч.Куланда 1 дүгээр сарын 27-ны өдөр Кочи мужийн захирагч Озаки Масано, Кочи хотын дарга Оказаки Сэйяа нартай уулзалт хийлээ. Кочи мужийн захирагч Озаки Масанотай Кочи, Монголын хамтын ажиллагааны эхлэл нь соёлын хамтын ажиллагаа байх нь зүйтэй гэдэгт санал нийлэв. Ирэх намар Япон Улсад аялан тоглолт хийхээр төлөвлөж буй Монголын үндэсний урлагийн хамтлагийг Кочи мужид тоглуулах тодорхой төслийг хэрэгжүүлэхийг Мужийн захирагч холбогдох албаны хүмүүстээ даалгаж, үүрэг өгөв. Мөн энэ үеэр Кочи муж, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог тогтоох ажлыг эхлүүлэхээр тохиролцов.


Кочи хотын захиргаа нь Монгол хүүхдүүдийг Кочи хотын бага дунд сургуульд суралцуулах ажлыг дэмжсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд 400 монгол сурагчийг хүлээн авсан бөгөөд хотын дарга Оказаки Монголын бяцхан төлөөлөгчидтэй биечлэн уулзах, санал солилцдог болжээ. Цаашид Монголын ахлах, дунд ангийн сурагчдыг Кочи хотын сургуулиуд хүлээн авах ажлыг хотын зүгээс өргөжүүлэхэд хоёр тал хамтран зүтгэхээ илэрхийлсэн болно.

Ерөнхий Консул Ч.Куланда Кочи хотын Хитоцүбаши бага сургуулиар орж, монгол хүүхдүүдийн найзууд, сургуулийн захиралтай танилцаж, Монголын талаар мэдээлэл өглөө. Энэ сургуульд удахгүй Улаанбаатар хотын 23 дугаар сургуулиас 10 хүүхэд ирэх ажээ.


 
Хирошима мужид айлчлав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 04:15

Ерөнхий консул Ч.Куланда 1 дүгээр сарын 21-ний өдөр Хирошима мужид ажиллаа. Хирошима мужийн захирагч Юзаки Хидэко болон Хирошима хотын дарга Мацуй Казүми нарт бараалхаж, Хирошима Монголын харилцааг өргөжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Хирошима муж нь Монголоос олон тооны эмч нарыг мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, цаашид цөмийн болон цацрагийн халдваргүйжүүлэлт, тэдгээртэй холбоотой техник технологийг Монголын талд нутагшуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хирошима хотын санаачлагаар байгуулагдсан “Дэлхийн энх тайвны хотуудын холбоо” гэх олон улсын нэгдэлд Монголын хотуудыг гишүүнээр элсүүлэх ажлыг дэмжиж өгөх хүсэлтийг гаргалаа.


Энэ онд Хирошимад атомын бөмбөг хаясны 70 жилийн ой тохионо. Дэлхийн энх тайвны үйл хэрэгт уриалан дуудах энэхүү тэмдэглэлт ойд зориулсан соёл, урлагийн олон арга хэмжээ энэ жил болох бөгөөд тэдгээрт Монголын урлаг, соёлын төлөөлөгчдийг оролцуулахад хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов. Монголчууд атомын бөмбөгийг эсэргүүцэж, Хирошиматай эв санаагаа нэгтгэж байсны гэрч болох “Зуун мянган шувуухай” дууг 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болох урлагийн тоглолтонд оруулахыг уламжлахад Хирошима хотын зүгээс таатай хүлээн авсан болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 04:25
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 4

Холбоос