Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХУД-ын төлөөлөгчид Сакай хотод айлчиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:32

Улаанбаатар хотын ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Сакай хотод дөрвөн өдрийн ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Сакай хотын дарга О.Такеяма, ИТХ-ын дарга Т.Хирата нартай уулзаж, Сакай хот болон ХУД хооронд байгаль орчин, хот байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, Сакай хотын удирдлагуудыг Монголд айлчлахыг албан ёсоор урив.

 

Манай төлөөлөгчдөд Сакай хотын захиргаанаас иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого үйлчилгээ болон сонгуулийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны талаар бичил семинар хийлээ. ХУД-ийн төлөөлөгчид хог хаягдал дахин боловсруулах Ринкай үйлдвэр, бохир ус цэвэршүүлэх Санбо байгууламж, Кансайн эрчим хүчний Сакай дахь станцад зочилж, хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээтэй танилцав.



Хог дахин боловсруулах, эрчим хүчний Ринкай үйлдвэр нь жилдээ 140000 тонн хог хаягдлыг жижиглэх, хатаах, шатаах, хайлуулах гэсэн 4 үндсэн дамжлагаар боловсруулж хайлш металл болон цементийн хольц бүхий шаариг болгон боловсруулах, улмаар эрчим хүч үйлдвэрлэн, эрчим хүчний компаниудад борлуулдаг байна.

 

Япон Улс нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хүүхэд, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настан болон хүүхдийн асрамжийн Бэрүтаүн төвд зочиллоо. ХУД-ийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар Сакай хотын дарга О.Такеяаматай уулзах үеэр нийгмийн халамж үйлчилгээний чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэлт болгосон болно.


Сакай хот Шинэ Зеландын Вэллингтон, АНУ-ын Калифорни мужийн Беркли, БНХАУ-ын Зянсү мужийн Линюанганг хоттой эгч дүүс хотын харилцаатай. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Сакай хотод оршин суудаг 15-30 насны хүүхэд залуучуудыг гадаад орноор аялуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэ төсөл нь жил бүр өөр өөр улс орнуудыг сонгодог онцлогтой. Ирэх 2015 онд тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул аялалыг зохион байгуулахад ХУД-ээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 07, Даваа гариг, 06:47
 
Японы компани монгол ажилтан авна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 4-р сарын 02, Лхагва гариг, 00:38

Осака хотод төвтэй “Ханамарү” компани нь 1998 оноос хойш хуучин автомашины худалдаа, борлуулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ. “Ханамарү” нь нийтдээ 138 орчим ажилтантай, сард 1200 орчим машин худалдаалдаг компани юм.

Тус компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа тул япон хэлтэй, 20-35 насны монгол залуусыг үндсэн ажилтны сонгон шалгаруултад урьж байгаа ажээ.

Кансайн бүсэд ажиллаж, амьдарч байгаа оюутан, залуус та бүхэн тус компанид ажиллахыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

“Ханамарү” компанийн тухай мэдээллийг www.hanamaru870.co.jp авч болно.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 02, Лхагва гариг, 00:49
 
Токушима мужид ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 06:15

/Ерөнхий консул Ч.Куланда Токушима мужийн захирагч К.Изүмигийн хамт/

Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда Шикокү бүсийн Токушима мужид ажлын айлчлал хийв. Энэ бүс нутагт эрүүл мэнд, анагаахын чиглэлээр монгол оюутнууд олноор суралцдаг, Их аварга Хакухогийн гэргий Сайакогийн төрсөн нутаг, Японы бахархал болсон Ава бүжгийн өлгий нутаг, Номхон далай дээгүүр хамгийн урт дүүжин гүүр татагдсан газар орон гээд сонирхолтой бүс юм. Мужийн захирагч Изүми Ерөнхий консулыг өргөөндөө хүлээн авч уулзаж, Монгол улс Токушима мужтай харилцах харилцааг өргөжүүлэх арга замын талаар санал солилцов.

Токушима мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим ирэх 7 дугаар сард Монголд бизнесийн томоохон төлөөлөгчдийн баг илгээхээр бэлдэж байгаа, уг багийг мужийн захирагч Изүми ахлах боломжийг судалж буй цаг үед Монголын Ерөнхий Консултай уулзалт хийсэн болно. Уулзалтад тус мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Конда байлцлаа.

Токушима мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Кондо нь Сумогийн Их аварга Хакухо М.Даваажаргалыг дэмжих нийгэмлэгийн даргын албыг давхар хашдаг аж. Энэ өдөр Токушима муж дахь Их аварга Хакухо Даваажаргалын дэмжигчдийн цугларалт, цайллага болж 350 гаруй байгууллага, компаний төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм. Ерөнхий Консул Ч.Куланда Их аврага Хакухо М.Даваажаргалын дэмжигчдийн арга хэмжээнд баяр хүргэн үг хэлж, монголчууд нутгийн хүүгийнхээ дээлний захыг мушгиж суугааг уламжлан амжилт хүслээ.

Токушима мужид байх үеэр тус мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Х.Конда болон танхимын удирдлагууд Ерөнхий Консул Ч.Куландатай уулзаж ярилцлаа. Уулзалтаар хоёр тал эдийн засаг, санхүүгийн харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах, харилцан ашигтай бизнесийн түншлэл бий болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 06:37
 
Монгол давсны гайхамшиг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 06:00

Эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ. Уг давсны найрлаганд хүний биед шаардлагатай олон төрлийн эрдэсүүд агуулагддаг. Манай орны баруун хязгаар Увс, Говь-Алтай, Ховд аймгуудын нутагт л бий.

Энэхүү давсыг чухам юугаараа гайхамшигтай юм гэж гадныхан их асуудаг. Үүнд товчхон ч болов хариулъя. Жамц давс эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүний дотоод эрхтэн цөсийг цэвэршүүлдэг, мөн шүд өвдөхөд завсарт нь хийж зуувал түргэн хугацаанд өвчинг зогсоодог, элдэв яр шархыг хатааж эдгээдэг. Бас настай хүмүүсийн даралт ихсэхэд хөөрлийг нь дардаг. Жамц давсыг долооход хоолны шингэц сайжрахын зэрэгцээ хоолойны мах багасдаг. Гэдэс дотрын өвчтэй хүн байгалийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн энэ давсыг усанд уусгаж хэрэглэвэл эм тангаас ч дээр ач тусаа өгнө гэнэ. Монголчууд энэ давсыг эмчилгээний зорилгоор ашиглаад зогсохгүй хоолондоо ч байнга хэрэглэсээр ирсэн. Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой гэгддэг.


Сүүлийн жилүүдэд жамц давсыг гадныхан их сонирхдог болжээ. Тэр дундаа чанарыг эрхэмлэдэг япончууд хүртэл хэрэглэж үзээд магтан, зорьж ирэн авдаг болсон. Түүгээр ч тогтохгүй японд монгол давсыг өргөн хэрэглэдэг, аль ч дэлгүүрт Монголын “Жамц давс” гэсэн шошготойгоор худалдаалагдаж байх нь элбэг болжээ.


Япончуудын хувьд давсыг хүндэлдэг, ариусгах шидтэй идээний дээж гэж үздэг. Тэд хаалганыхаа хоёр талд давс тавьж орон гэрээсээ гарз хохирол гарахгүй байх, саар муу зүйл орохоос хамгаалдаг заншилтай. Хүнд давс бэлэглэх нь гай барцадаас хамгаалж, ариун үйлийг бэлгэдэн ерөөж буйг илэрхийлдэг аж.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 06:10
 
Нэг жилд 50-60 удаа нүүж, гэр барьдаг япон эр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 25, Мягмар гариг, 07:19

Монголчуудын сууц болох гэрийг дэлхий дахин мэднэ. Тэр тусмаа өндөр хөгжлийг олсон суурин амьдралын орны иргэд илүүтэй сонирхдог. Японы Осака хотноо нэг жилд 50-60 удаа гэр барьдаг нэгэн эрхэм байна. Түүний нэрийг Ажигата гэдэг. Өдгөө 70 насыг шүргэж яваа энэ эр уг нь архитекторч мэргэжилтэй. Наганогийн олимпийн хотхоны архитекторыг хийж явсан хүн. Өдгөө монгол гэрийн “мэргэжилтэн” гэвэл хилсдэхгүй. Монголтой холбоотой үг цухуйвал япончууд “тийм ээ, би монгол гэр харсан. Бас Ажигата сан...” гэж ирээд л яриа өрнөөд явчихна.


Ажигата гуай 12 жил тасралтгүй монгол гэр барьж, Монголыг сурталчилж яваа сайн үйлийн эзэн. Тэнгэр багандсан өндөр барилгын дэргэд танан цагаан гэр барьчихаар аяндаа хүн цуглаад ирэх аж. Тэгээд л Монголын талаарх Ажигата гуайн “ухуулга, сурталчилгаа” эхэлнэ дээ. Гэр бол зөөвөрлөдөг сууц гэдгээрээ өвөрмөц байгууламж хэмээн тэр тодорхойлж байна. Тэрээр гэргийтэйгээ нийлж гэрийг дууриалган хийж үзсэн хэдий ч амжилт олоогүй гэдэг. Монголоос хоёр гэр авчирсан. Эхний нэг гэр нь элэгдсэн. Хоёр дахь гэрээ барьсаар яваа. Японы цаг агаар чийгтэй, зундаа халуун тул гэрийн эсгий нь хөгзөрч, мод нь амархан мууддаг нь түүний сэтгэлийг зовоодог гол асуудал. Гэвч Ажигата гуай хадгалалтын технологи сэдэж, аргын олоод болгоод л буй.

Монгол гэрийг монголын соёлын өвд бүртгүүлсэнийг сонсоод хөл нь газар хүрэхгүй болтлоо хөөрч баярлажээ. Харин монголын залуус гэр барьж чадахгүй байгаад тэр сэтгэл дундуур явдаг. Тиймээс гэр барих ажилд монгол оюутнууд, монгол иргэдийг оролцуулж, монголчуудтайгаа хамтдаа аливаа арга хэмжээг зохиодог болсон.


Ажигата гуай их завгүй хүн. Гэр барьж хүүхдүүдийг баярлуулах, монголын тухай сурталчилгаа хийлгэх хүсэлт, урилга заллага мундахгүй. Хамгийн гол нь түүний эдгээр үйл ажиллагаа дандаа ашгийн бус байдаг. Монгол, японы иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, монгол соёл ахуйг танилцуулах, монгол гэрийн талаарх мэдлэгийг түгээх нь Ажигата гуай нь эрхэм зорилго. Ажигата гуай бол бидний соёл, бидний гэр, бидний тухай мэдлэг мэдээллийг дэлгэрүүлэх сайн санаа өвөртөлж яваа эрхэм хүн. Түүний одоо барьж яваа гэр нь элэгдэж, хуучирчээ. Гэр үйлдвэрлэгч, гэр бүтээгчид Ажигата гуайн монгол гэрийг сурталчлах ариун үйлст нэмэр хандиваа өргөж, дэмжлэг үзүүлэхийг энэ дашрамд сонордуулъя.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 25, Мягмар гариг, 07:30
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 7

Холбоос