Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хүний хөгжил сангаас олгож буй эх орны хишиг мөнгө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 3-р сарын 29, Пүрэв гариг, 09:22

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сард баталсан.  Стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олох орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдэх Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдсан, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр энэ хуулиар хуульчилсан. Иргэнд жилд олгох хишиг, хувийн хэмжээг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Их Хурал жил бүр хуулиар тогтоодог зохицуулалттай.

Энэ дагуу Хүний хөгжил сангаас 2010 онд эхний ээлжинд 70.000, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 50.000 төгрөгийг олгосон. 2011 онд сар бүр  21.000 төгрөг, нийт 252.000 төгрөгийг олгосон бол 2012 онд 6 сар дуусталх хугацаанд нийт 128.000 мянган төгрөгийг олгохоор хуульчилсан. Эхний 5 сард сар тутам 21.000 төгрөг, 6 дугаар сард 23.000 төгрөг олгоно. Түүнчлэн 2012 онд 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан бүрт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт 1 сая төгрөг тус тус олгохоор болсон.

Энэхүү батлагдсан мөнгийг иргэдэд хэрхэн олгох асуудлыг нарийвчлан зохицуулсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг Засгийн газар 2010 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталж, мөн оны 347 дугаар тогтоолоор журмыг шинэчилэн баталсан.

Энэ журмын 3.8-д “Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүртэх хишиг, хувийг тухайн иргэний хүсэлт, итгэмжлэл, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүний хүртэх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заасан.

Иймд та Эх орны хишиг, хувиа авахын тулд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана (Шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕКГ-ын вебсайтын Иргэний шинэчилсэн бүртгэл хэсгээс харна уу).

2. Эх орны хишиг, хувь авах эрхээ Монгол Улсад байгаа хүнд итгэмжлэл олгох замаар шилжүүлнэ. Итгэмжлэл хийлгэхийн тулд Та Японд улсад оршин сууж буй хаягийг нотлох албан ёсны баримт бичиг (гадаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт) зэрэг баримт бичиг, Иргэний үнэмлэх (эсхүл Иргэний үнэмлэхний хуулбар), итгэмжлэл олгож буй хүний Иргэний үнэмлэхний хуулбар, хураамж 600 иен  шаардлагатай болно. Итгэмжлэлийн хугацаа дээд тал нь 3 (гурван) жил байна. Итгэмжлэлийг ЕКГ-аар дамжуулан ГХЯ-нд илгээж, Монголд хүлээн авах боломжтой. Үйлчилгээний хураамж нь 1000 иен. Ийнхүү илгээсэн итгэмжлэлийг хүлээн авагч тал өдөртөө, эсхүл маргааш нь ГХЯ-ны Консулын газраас (ГХЯ-ны урд талын хаалга) биеийн байцаалтаа үзүүлэн авах боломжтой.

Жич: Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 90 хоногийн дараа Эх орны хишиг, хувиа авах эрхтэй болох юм. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараа ЕКГ таны холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газар таны мэдээллийг өөрийн мэдээллийн сан болон цаасан баримт бичигтэй тулгалт хийж зөрчилгүй тохиолдолд бүртгэлийн дугаар олгоно. Таны шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулсны дараагаар таны нэрийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт хүргүүлж  Таны Эх орны хишиг, хувь авах эрх тань нээгдэх болно. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн таны нэрийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлснээр таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын хувьцаанаас хувь эзэмших эрх тань мөн нээгдэнэ.

Та өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хуудсанд нэвтэрч регистрийн дугаараар шалгах,
мөн улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаараас лавлах боломжтой. .

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 11, Баасан гариг, 02:37
 

Холбоос