Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэн ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 9-р сарын 02, Даваа гариг, 08:58

“Японы соён гэгээрүүлэгч, их зохиолч Шиба Рёотарогийн гэр музейд “Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэн ажиллаж байна. Үзэсгэлэн нь Шиба Рёотарогийн амьдарч, ажиллаж байсан гэрийн дэргэд Осака хотын захиргаанаас барьж өгсөн гоёмсог шилэн танхимд нээгджээ. Архитектор Андо Тадаогийн уран шийдэл бүхий шилэн барилга нь Их зохиолчийн хувийн сууцтай хаяаа нийлж, эргэн тойрон нь үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлүүлжээ. Үзэсгэлэнгийн танхимыг чиглэх явган хүний жим нь Шиба Рёотарогийн гэрийн хажуугаар өнгөрөх бөгөөд тэндээс Их зохиолч амьд сэрүүндээ зохиол бүтээлээ туурвиж байсан ажлын өрөө нь тодооос тод харагдаж аж. Шиба Рёотарогийн хэрэглэж байсан нүдний шил, сууж байсан буйдан, зохиол бүтээлдээ ашиглаж байсан судалгааны материалууд, ном сэтгүүүл зэрэг эд зүйлс мөнхрөн үлджээ.“Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэнд зохиолчийн Монгол орноор аялахдаа авсан зураг, Монголын тухай ном зохиолуудын гар бичмэл, Монгол төрийн шагнал Алтан гадас одон, нийтийн хүртээл болж амжаагүй ховор зураг зэргийг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнгийн танхимд 60 гаруй мянган ном, сэтгүүл, түүхэн бичээсүүдийг өрж тавьсан нь яг л номын их өргөө мэт. Шиба Рёотарогийн эдэлж хэрэглэж байсан ном, түүхэн бичээс дотор орчуулагч Б.Төмөрбаатарын “Мэйжи хэмээх төр улс”, “Сүүлчийн Шёогүн”, Б.Жаргалсайханы “Тал нутгийн тэмдэглэл” зэрэг монгол хэлнээ хөрвүүлсэн зохиолууд үзмэрийн хүндэт зочин мэт заларсан байв.“Тал нутгийн тэмдэглэл” өгүүллэгийн гол баатар болох япон хэлний орчуулагч Цэвэгмаа гуайн зураг энэ үзэсгэлэнгийн гол чимэг юм билээ. Үзэсгэлэнг үзэхээр Японы өнцөг булан бүрээс зочид ирдэг бөгөөд ирсэн зочин болгон Монголд очиж үзэх юмсан гэсэн хүсэл тээж гардаг хэмээн гэр музейн захирал Үэмура Ёүко ярьж байв.


Миний бие Шиба Рёотаро гэр музейн захирал, Шиба Рёотаро сангийн тэргүүн Үэмура Ёүко, Музейн орлогч захирал хатагтай Үэмура Мотоко нартай уузан ярилцаж, санал солилцлоо.Тэд Шиба Рёотаро зохиолчийг Монгол улс руу явах болгонд дагалдан явж байсан Их зохиолчтой ойр дотно эрхэмүүд юм. Монголын элсэн говь, тал нутгийн салхи, тэнгэрт гялалзах одод Шиба Рёотарогийн сэтгэлийг эзэмдэж, улмаар энэ орны түүх соёлыг судалж, нүүдэлчдийн соёлын тухай бичиж туурвисаар байсан гэж тэд хуучиллаа.

Кансайд суугаа элэг нэгт ахан дүүс ээ!

Монгол эх орныг минь сэтгэл зүрхэндээ хайрлан тээж, Монголыг, монгол соёлыг, бидний түүхийг он удаан жил цуцалтгүй туурвин бичсээр ирсэн Их зохиолч Шиба Рёотарогийн гэр музейд нээгдсэн “Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэнг саатан үзээрэй.

Хүндэтгэн ёсолсон Ерөнхий Консул Ч.Куланда


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 03, Пүрэв гариг, 00:57
 

Холбоос