Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Кансай бүсэд айлчиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 6-р сарын 03, Мягмар гариг, 03:07

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лазатхан тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Такацүки, Токушима мужийн Анан хотод таван өдрийн ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид нь Такацүки хотын дарга Х.Такеши, ИТХ-ын дэд дарга Х.Норико нартай уулзаж, Такацүки болон Баян-Өлгий аймаг хооронд ХАА, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хотын удирдлагуудыг Баян-Өлгий аймагт айлчлахыг албан ёсоор урив.


 

Такацүки хотын захиргаанаас манай төлөөлөгчдөд өөрийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, сонгуулийн тогтолцоо болон цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахад тавигдах стандарт, шаардлагын талаар семинар хийв. Мөн хотын захиргаанд ашиглаж буй нарны зайн системийн тухай товч танилцуулга хийлээ.

Такацүки хотын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад дээд зэргээр анхаардаг. Ялангуяа байгууллага, иргэдэд нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргах төхөөрөмжийг суурилуулах, үүнд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар эрчим хүчний тодорхой хэсгийг өөрсдөө хангах бодлого баримталж байна. Одоогийн байдлаар нийт 19 байгууллагад нарны эрчим хүч ашиглан цахилгаан гаргах үүсгүүрийг суурилуулаад байгаа ажээ.


Япон Улс нь нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настны тусгай асрамжийн төв болох “Такацүки Кэяакино Сато”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцан туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг Токушима мужид хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан тус мужийн нийслэл болох Токушима хотын дарга Х.Хара тусгайлан хүлээн авч оройн зоог барихын дашрамд хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид Токушима мужийн Анан хотын дарга Ё.Ивасэтэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хооронд “Эгч дүүс хот”-ын харилцаа тогтоох боломжийн талаар санал солилцов. Үүний дараа хог хаягдал дахин боловсруулах “Экопарк Анан”, “LED” гэрлэн чимэглэлийн үйлдвэрлэл болон орчин үеийн технологиор дэлхийд тэргүүлдэг “Nichia” компани, Япондоо хамгийн том хүчин чадал бүхий “J-Power-Tachibanawan” дулааны цахилгаан станцад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Анан хотын зүгээс байгалийн нөөц, баялагийг үр ашигтайгаар зарцуулах үүднээс хог хаягдлын хэмжээг бууруулах, хогийг дахин боловсруулах ажлыг сайжруулах бодлогыг баримталж ирсэн. Үүний хүрээнд 2010 оноос эхлэн 9,3 тэрбум иений хөрөнгөөр хог боловсруулах “Экопарк Анан”-ыг шинээр байгуулан ажиллаж байна.


Мөн тус хот нь Японы үндэсний спортын нэг төрөл болох Бейсболлын спортыг хөгжүүлсэн жишиг хотын нэг болохоор зорьж ирсэн. 2007 онд бейсболлын “JA Aguri Anan” стадионыг ашиглалтанд оруулсан бөгөөд “Бейсболлын хот Ананыг хөгжүүлэх тусгай нэгж”-ийг хотын захиргаандаа байгуулсан Японы цорын ганц хот юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 03, Мягмар гариг, 03:20
 

Холбоос