Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“Монгол Улс байнга төвийг сахих” тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 9-р сарын 24, Пүрэв гариг, 02:25

МОНГОЛ – ТӨВИЙГ САХИХ

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.

Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.

Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.

Манай улсын хувьд “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь дурьдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрхи бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт дээрхи бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг.

Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй.

Нэг: Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.

Хоёр: Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг.

Гурав: Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг.

“Байнга төвийг сахих” гэж чухам юуг хэлж ойлгож байна вэ?

Энэ нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог. Сонгодог төвийг сахигч Швейцарь улс л гэхэд Европтоо хамгийн чадварлаг, түргэн маневрлагч армитай орны тоонд ордог. Манай батлан хамгаалах бодлогын үндэс ч дээрхитэй нийцдэг.

Төвийг сахигч орны газар нутгийн халдашгүй дархан байдал олон улсын эрх зүйгээр давхар баталгааждаг. Үүнд агаарын болон усан хил нь ч ордог. Тийм орны газар нутагт бусад этгээдээс дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн дайтагч талын цэрэг зэвсгийг өөрийн нутгаар дамжуулахгүй байх эрх эдэлдэг. Энэ нь аливаа цэргийн эвсэлд гишүүнээр элсэх болон цөмийн зэвсгийн асуудалд ч хамаарна.

Дурьдсан байдлаар “төвийг сахих” статусын үндсэн зарчим томъёологдож хэрэгждэг. Хэдий тийм боловч энэхүү бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны хэлбэр нь тухайн статусыг тунхаглагч эзэн орноос л шууд шалтгаалдаг. Тайлбар нь ч адил. Нэг үгээр хэлбэл, тухайн статусыг тунхаглагч орон нь уг бодлого, үйл ажиллагаагаа дээрхээс улам тодруулж, эсвэл түүндээ тодорхой хүрээ хязгаар тогтоож хуульчлах, шийдвэрлэх, түүнийгээ зарлах тайлбарлах эрхтэй. Нөгөөтэйгүүр уг статусын чанар нь тухайн орны идэвх санаачлагаас, түүний олон улсын нэр хүндээс бас хамаарна гэсэн үг.

Аливаа улс “байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд “төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг. Харин хөршөөсөө эхлээд уг асуудлаар ойлголцож, цаашид бусад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авахыг эрмэлзэх нь зүй ёсны алхамд тооцогдоно. Бидний өвөг дээдэс аливаад гол ноён нуруу барьж хандахыг чухалчилдаг байсан. Шинэ цаг үед энэ уламжлалаа хадгалж нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэнэ гэсэн үг.

Монголын эрх ашигт нэгдмэл, залгамжтай, тодорхой гадаад бодлого бол ус агаар лугаа адил. Төвийг сахих статус нь бидний хувьд нэг талаар байгаа хүч боломждоо улам тулгуурлах, нөгөө талаар бусадтай идэвхтэй, уян хатан харилцахад тустай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл юм. Үүнийг олны амьдрал сургамжаар бүтээгдсэн нийтлэг үнэлэмж ч гэж үзэж болно. Бас манайхны хувьд боломж юм. Боломж байнга олдоггүй. Үнэт зүйл удаан төлөвшдөг. Энд бидний санаачлагатай, тууштай байдал чухал. Мөн дээрхи статус маань Монголоор төвлөх олон бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ч нэмэр болох нь гарцаагүй.

Монгол Улс байнга төвийг сахих. Энэ тухай цаашид зөвлөлдөж, ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Төвийг сахих статус болон түүний эрх зүйн байдал, зарим шаардлагатай мэдээллийг энэ бичвэрийн хавсралтад товч өгүүлсэн болно. Сайн үйлс улам дэлгэрч, Монгол минь мөнх оршиг ээ.

2015 оны 9 дүгээр сарын 7

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 24, Пүрэв гариг, 02:29
 

Холбоос