Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
АЗИ, НОМХОН ДАЛАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН МОНГОЛ УЛСАД БОЛНО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 10-р сарын 13, Мягмар гариг, 07:12

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдөр “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн (ССХ) зохион байгуулах бөгөөд нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцохоор байна.

CSCAP бол бүс нутгийн аюулгүй байдлын орчин, учирч буй сорилтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал, санаачилгыг төр, засгийн холбогдох байгууллагад зөвлөмж болгон хүргэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Тус байгууллага Еврази, Америк, Австрали тивийн улсыг эгнээндээ нэгтгэж жил ирэх бүр хүрээгээ тэлж байна. Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн судалгааны багт оролцсон байдаг. Энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах эрх авсан явдал нь Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйн тод илрэл болно. Тус байгууллагын Удирдах зөвлөл жилд 2 удаа, харин нэгдсэн хуралдаан хоёр жилд 1 удаа болдог юм. Нэгдсэн хуралдаанд бүс нутгийн төр засгийн удирдах албан тушаалтан, элчин сайд, нэр хүндтэй эрдэмтэд оролцдог уламжлалтай.

Эдүгээ Зүүн хойд Азийн бүс нутагт их гүрнүүдийн цэрэг-улс төр, эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Солонгосын хойгийн байдал тогтворгүй хэвээр, Зүүн Азид газар нутгийн маргаанаас үүдсэн сөргөлдөөн гарч болзошгүй энэ эгзэгтэй цаг үед тус байгууллагын гишүүн орнуудаас нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид ирж буй нь зөв гарц, боломж бий болгох, ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой билээ.

CSCAP-ийн 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан нь 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж буйгаараа онцлогтой болж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 13, Мягмар гариг, 08:24
 

Холбоос